ЭРХЭМ ЗОРИЛГО

Гишүүдийн амьдралын чанарыг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засаг, технологийн өндөр чадавхи бүхий ХЗХоршоодыг бий болгох

АЛСЫН ХАРАА

Гишүүн төвтэй эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөгч үндэсний санхүүгийн системийг хамтдаа бүтээнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Цогц байдал
Мэргэшсэн байдал
Гишүүддээ тулгуурласан байх
Хариуцлагатай байх

2022-2032 оны зорилтууд

Зорилт 1: ХЗХ-ны хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх эрх зүйн орчинг сайжруулах

“Хадгаламж зээлийн хоршооны тухай” хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн бариулаж батлуулах

Зорилт 2: Хадгаламж зээлийн хоршоодын нэгдсэн системийг бий болгох

ХЗХоршооны нэгдсэн системийг бий болгох бэлтгэх ажлыг хангуулах
Холбооны дэргэд сургалтын төвийг байгуулах
ХЗХоршоодыг эрсдлээс хамгаалах давхар хамгаалалтын системийг болгох

Зорилт 3: Хоршоодыг чадавхжуулах  санхүүгийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний системийг хадгаламж зээлийн хоршоодод нэвтрүүлэх
Хадгаламж зээлийн хоршоодын үнэлгээний системийг боловсронгуй болгох
“Сайн засаглалын стандарт”-ийг хөгжүүлэх, зэрэглэл тогтоох
ХЗХоршоодод ногоон зээлийн стандартыг бий болгох
Хадгаламж зээлийн хоршоодын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх,
Залуучуудыг хадгаламж зээлийн хоршоодын хөдөлгөөнд татан оролцуулах

ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол улс 1990–ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн үед Монголын хоршоодын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. 1995 онд “Хоршооны тухай” хууль батлагдан түүнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа гэсэн хоршооны төрөл орсон.  1996 оны 09 дүгээр сард “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд олон улсын мэргэжилтнүүд ирж анх удаа хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны талаар суурь ойлголтыг төрийн бус байгууллагуудад танилцуулсан нь Монголын хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөн өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн.

Улмаар 1996 оноос ХЗХ-д үүсгэн байгуулагдаж эхэлсэн ба 1998 онд 18, 2001 онд  58 ХЗХ үүсгэн байгуулагдсан. 2002-2006 оны хооронд  ХЗХ-ны хууль, эрх зүйн зохицуулалт сул, хяналт зохицуулалт байхгүй байдлыг ашиглан борооны дараах мөөг шиг маш олон “ХЗХ”  үүсгэн байгуулагдаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хадгаламжийн өндөр хүү, хонжворт шагнал урамшуулал амлан сурталчлаж, олон мянган иргэдийг 70 гаруй тэрбум төгрөгөөр хохироосон ноцтой  явдал гаргасан нь ХЗХ-дын хөдөлгөөний нэр хүндийг унагаж, олон ХЗХ-доос иргэд мөнгө, хөрөнгөө татан үйл ажиллагаа явуулах чадваргүй болгож дампууруулсан нь ХЗХ-ны хөдөлгөөний хямралын хүнд үеийг эхлүүлсэн. 2005 оны 12 сард ХЗХ-дыг хянаж, зохицуулах Санхүүгийн зохицуулах хороо (CЗХ)-г Улсын Их Хурлын (УИХ)-ын харъяанд байгуулж, ХЗХ-дод тусгай зөвшөөрөл олгож, тухайн үед байсан 974 ХЗХ-дод тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдсанаар 2007 оны эцэст 179 ХЗХ л тусгай зөвшөөрлийн шалгуурт тэнцэж, улсын бүртгэлд бүртгүүлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол шалгуурт тэнцээгүй бусад нь  үйл ажиллагаагаа зогсоож өөрсдөө татан буулгасан буюу дампуурсан.

Энэ явдалаас ХЗХ-д  нэгдэж  өөрсдийг нь  төлөөлж төр засагт дуу хоолойгоо хүргэн, хууль эрх зүйн сайжруулалтыг хийлгэх, эрх ашгийг нь хамгаалах, зөвлөж сургаж хөгжүүлж, чадавхжуулах дээвэр байгууллагатай болох, олон улсын зарчмын дагуу ажиллах шаарлага зүй ёсоор гарч ирсэн.  Ингэснээр анхны Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо 1998 онд 9 ХЗХ-ны санаачилгаар байгуулагдсан. Мөн 1999 онд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний нэгдсэн холбоо (МХЗНҮХ) байгууллагдсан бөгөөд  зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулах болсон.

2006 оны 5-р сард Монгол улсын хэмжээнд нэгдсэн ганц холбоотой байх нь зүйтэй гэсэн санаачилга гарч 2 холбоодоос хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан нь ХЗХ-дын ирээдүйн хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болсон. 2006 оын 11 сард Канадын Хоршоодын Холбооноос хэрэгжүүлсэн “Монголын ХЗХ-ны системийг чадавхжуулах” төслийн хүрээнд Монголын ХЗХ-дын зөвлөлдөх түр хороог байгуулж, бүрэлдэхүүнд нь ХЗХ-дын 2 холбоо, МХСМТөв, КХХ(Ачид финанс төсөл), СЗХ зэрэг байгуулагуудын төлөөллийг оролцуулсан ба уг  зөвлөлдөх түр хорооноос зохион явуулсан хоршоодтой хийсэн цуврал уулзалт,  хэлэлцүүлгийн үр дүнд тусгай зөвшөөрөлтэй ХЗХ-дын  нэгдсэн нэг холбоотой байх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, тухайн 2 холбоог татан буулгаж, Канадын Хоршоологчдын Холбооны (CCA) төслийг Монголд хэрэгжүүлж байсан “Ачид финанс” зөвлөх үйлчилгээний байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар  2007 оны 6-р сарын 29-ний өдөр одоогийн Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний холбоо (МХЗХҮХ)-г байгуулсан. МХЗХҮХ-ны анхны хуралд холбоо байгуулах санаачилга гаргасан, уг санаачилгыг дэмжсэн 44 хоршооны төлөөлөл оролцсон бөгөөд хурлаар холбооныхоо дүрмийг хэлэлцэн шинэчлэн баталж, холбооны удирдах зөвлөлийг 9, хяналтын зөвлөлийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгож, холбооны тэргүүнээр банкир Ш.Гоохүүг, хяналтын зөвлөлийн даргаар С.Бат-Оюун нарыг сонгожээ.

2011 оны 11 дүгээр сарын 27-ны  УИХ-ын 2011 оны 10-р сарын 27 ны өдрийн хуралдаанаар “Хадгаламж, зээлийн хоршооны тухай”  бие даасан салбарын хууль батлагдаж, үндэсний холбоонд тавигдах шаардлага, үзүүлэлтийг заасны дагуу манай холбоо 2012 онд Үндэсний гэсэн статусыг авч Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо (МХЗХҮХ) болсон.

Өнөөдөр МХЗХҮХ нь нийт ХЗХ-дын 82 гаруй хувийг гишүүнчлэлээр нэгтгэж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраж ажиллаж, гишүүн ХЗХ-дын дуу хоолойг төр засагт хүргэх, ХЗХ-дыг олон улсын хоршооллын зарчмын дагуу ажиллуулах, чадавхийг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэхээс гадна ХЗХ байгуулах сонирхолтой хувь хүмүүс байгууллагад сургалт, арга зүйн зөвлөгөө үзүүлж ХЗХ-дыг тогтвортой хөгжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд гаргахад анхааран ажиллаж байна.

МХЗХҮХ жил бүрийн эхний хагас жилдээ багтаан бүх гишүүдийн хурлаа хийж, өнгөрсөн оныхоо ололт амжилт, алдаа дутагдлуудыг  хэлэлцэх, дараа жилдээ хийх ажлын төлөвлөгөө, төсөвөө хэлэлцэн батлах, холбогдох хууль, зохицуулах байгууллагаас баталсан журамд нийцүүлэн  цаг үетэйгээ уялдсан өөрчлөлт шинэчлэлтийг холбооныхоо дүрмэнд оруулах,  тэргүүлэгчдийн  болон хяналтын зөвлөлийг хууль, дүрмээр тогтоосон хугацаагаар нь сонгох зэргээр үйл ажиллагаагаа бүрэн тогтмолжуулсан.

МХЗХҮХ нь Азийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоо,  Дэлхий Хадгаламж Зээлийн Хоршоодын холбооны гишүүн,  Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо (МХҮНХ)-ны гишүүн үүсгэн байгуулагч байгууллага юм.