Мэндчилгээ

ХЗХоршооны салбарын  үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархаж,  амар амгаланг эрэн мэндчилье

Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ) нь 2007 онд байгуулагдсанаас хойш иргэд дундын санхүүгийн байгууллага болох Хадгаламж Зээлийн Хоршоо(ХЗХ)дыг нэгэн дээвэр доор нэгтгэн, тэднийг үндэсний хэмжээнд төлөөлж нийтлэг эрх ашгийг нь хамгаалах, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг нь сайжруулах,  олон нийтэд сурталчлан таниулах  дуу хоолой нь болох,   улс орны хэмжээнд ХЗХ-ны хөдөлгөөний нэр хүндийг өсгөн идэвхжүүлж, санхүүгийн зах зээлд ХЗХоршоодын эзлэх байр суурь, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна

Мөн хоршоод хоорондын хамтын ажиллагааг дэмжиж түүний дотор харилцан суралцах, мэдээлэл туршлага солилцох, ХЗХ-дыг олон улсын зарчимд суурилсан мэргэшсэн бичил санхүүгийн байгууллага болгоход онцгойлон анхаарч ажилладаг.

ХЗХ-д нь 70 гаруй мянган гишүүнчлэлийн хүрээнд 300 мянган хүнд хоршооны үр шимийг хүртээж, өрхийн бизнесийг дэмжиж, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.  Хөдөө орон нутагт ХЗХ-д  тасралтгүй манлайлан хөгжиж байгаад бид маш их баяртай байна.

ХЗХ-д маань гишүүддээ үзүүлэх санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, дэвшилтэт технолог ашиглан эрсдэлгүй шуурхай хүргэн үзүүлэхээс гадна, гишүүд иргэдэд санхүүгийн боловсрол олгох, тэдгээрийн нийгэм соёлын хэрэгцээг хангах олон үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилладаг.

МХЗХҮХ нь мэргэшсэн зөвлөлүүдийн оролцоотойгоор хоршооны засаглал, ёс зүй, харилцагчийг хамгаалах зарчим, комплаенсийг улам сайжруулахад нь хоршоодод дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, тэдний санаачилгуудыг нэгтгэн уялдуулах ажлыг зохион байгуулах тал дээр чармайн ажиллах болно. 

Монгол улсад төдийгүй дэлхий нийтээрээ хэрэгжүүлэхийг зориж буй нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж, ногоон зээлийг дэмжихийн төлөө салбарын хөгжлийг чиглүүлж ажиллана.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд та бүхний санал, идэвхтэй оролцоо ихээхэн чухал бөгөөд салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг холбооны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байна. 

Та бүхэнд амжилт, сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн, 

Тэргүүлэгчдийн Зөвлөлийн Дарга  Ц.Оюунцэцэг