КУАЛА ЛАМПУР, Малайз — 2026 оны 9 дүгээр сарын 12. — “Тэр бүр яригддаггүй орхигдсон бодит асуудлыг шийдвэрлэх нь: Өөрчлөлт ба тогтвортой хөгжлийн эрин үе 2026+” сэдвийн дор зохион байгуулагдсан Азийн Хадгаламж, Зээлийн Хоршоодын Форум 2026 (ACUF2026) амжилттай өндөрлөлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус форумд 20 улсын 571 хадгаламж, зээлийн хоршооны удирдагчид оролцсоноос Монгол улсаас 6 ХЗХ(Арвижих оргил хайрхан ХЗХ, ГЭМБЛ ХЗХ, Монум ХЗХ, Коедит юнион монгол ХЗХ, Баянхайрхан хас ХЗХ, Хас баяжих ХЗХ) болон МХЗХҮХ-ны төлөөлөл нийт 10 хүн амжилттай оролцлоо. 9 дүгээр сарын 10–12-ны өдрүүдэд Малайзын Үндэсний Хоршоодын Холбоо (ANGKASA – Angkatan Koperasi Kebangsaan Malaysia Berhad)-ны зохион байгуулалт, хүлээн авалтаар явагдлаа. Форумыг Азийн Хадгаламж, Зээлийн Хоршоодын Холбоодын Холбоо (ACCU) зохион байгуулсан юм.
Форумын онцлох үйл явдлын нэг нь ACCU-ийн 2026–2030 оны Стратегийн төлөвлөгөөг нэгдсэн хуралдаанаар албан ёсоор танилцуулсан явдал байлаа. Уг стратегийн төлөвлөгөө нь Азийн бүс нутгийн хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн нэгдсэн стратегийн чиглэл болох тогтвортой, уялдаа холбоо бүхий, дижитал технологид суурилсан, аливаа сорилтод тэсвэртэй, хүн төвтэй хадгаламж, зээлийн хоршоодын сүлжээг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛД СААД БОЛЖ БУЙ ЗҮЙЛСЭЭ МЭДЭХ НЬ
Форумын нэгдсэн хуралдаан амжилт, ололтыг онцлон эхлэхийн оронд оролцогчдод нэгэн чухал сорилтыг дэвшүүлэн эхэллээ:
“Өөрчлөлтийг манлайлахаас өмнө бид өөрсдийн хөгжлийг хойш татаж буй зүйлсээ нэрлэж, тодорхойлох ёстой”. Хадгаламж зээлийн хоршоодын хөдөлгөөн дотор хуримтлагдан оршиж буй боловч тэр бүр ил тод яригддаггүй бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудал, бэрхшээлүүдийг нээлттэйгээр хөндөж, нэрлэн тодорхойлохыг хүссэн. Үүний дараа ACCU эдгээр бодит нөхцөл, бэрхшээлийг шинэ боломж, өөрчлөлтийн хөшүүрэг болгон дахин тодорхойлсон байна.
Тус стратегийн төлөвлөгөөнд ирэх жилүүдийг Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны зургаан арван жилийн түүхэн дэх зургаа дахь стратегийн эрин үе хэмээн тодорхойлжээ. Энэ нь өмнөх стратегийн үеүүдийн ололт, суурь дээр тулгуурлан цааш хөгжих үзэл баримтлал болж байгаа юм. Үүнд:
- Сэдэлжүүлэлт (Motivation) — 1971–1980
- Манлайллын хөгжил (Leadership Development) — 1981–1992
- Мэргэшил, мэргэжлийн чадавхжуулалт (Professionalization) — 1992–2005
- Чанарын баталгаажуулалт (Quality Assurance) — 2005–2014
- Харилцаа холбооны менежмент (Network Management) — 2014–2025
- Шинэ стратегийн эрин үе — 2026–2030
ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 10 СТРАТЕГИЙН ХӨШҮҮРЭГ
Нэгдсэн хуралдааны гол хэсэг нь “Өөрчлөлт ба тогтвортой хөгжлийн зураглалын хана” байлаа. Энэхүү зураглалд хөдөлгөөний хүрээнд тэр бүр ил тод яригддаггүй 10 бодит нөхцөл, тулгамдсан асуудлыг тэдгээрт хариу өгөх 10 стратегийн шийдэл буюу “өөрчлөлтийн хөшүүрэг”-тэй уялдуулан тодорхойлсон байна.
Эхний чиглэл болох Соёлын өөрчлөлт (Culture Shift) нь байгууллагын үндсэн зорилго, үнэт зүйлээс хазайх болон удирдлагын түвшинд үүссэн зорилгын зөрүүг арилгахын тулд хоршооллын үнэт зүйлсийг дахин төвд нь авч үзэхэд чиглэнэ. Харин Засаглалын шинэчлэл (Governance Renewal) нь хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх замаар засаглалын орон зай, сул талыг нөхөхөд анхаарна.
Дараагийн чиглэлүүд нь гишүүдэд төвлөрч байна. Гишүүдтэй харилцах харилцааг сэргээх (Member Reconnection) нь ялангуяа залуучууд болон үйлчилгээ хүртээмж багатай бүлгүүдийн хувьд гишүүдийн итгэл, оролцоог дахин бий болгоход чиглэнэ.
Инновацын хурдасгуур (Innovation Acceleration) нь технологийн хөгжлийн хоцрогдлыг хамтын платформ болон гишүүдийн өмчлөлд суурилсан технологийн шийдлээр нөхөхийг зорьж байна. Харин Зорилго, үнэт зүйлд суурилсан брэнд ба түүх өгүүлэмж (Purpose-Driven Branding & Storytelling) нь залуу үе, тэр дундаа шинэ үеийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ. Үүний хүрээнд “Z үеийн санхүүгийн боловсролын академи” (Gen Z Financial Literacy Academy) болон “Азийн ХЗХ-дын Шинэ үеийн манлайлагчдын сүлжээ” (Asian Credit Union Network of Emerging Leaders – ACUNEL) зэрэг санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үлдсэн чиглэлүүд нь хадгаламж зээлийн хоршоодын хөдөлгөөнийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний асуудлуудад чиглэж байна.
Хадгаламж, зээлийн хоршоодын сүлжээг нэгтгэх нь салангид байдлыг арилгаж, холбоо, федерациудаар удирдуулсан нэгдсэн сүлжээний тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ.
Бодлого, зохицуулалтын нөлөөлөл (Policy Advocacy) нь Азийн Хадгаламж, Зээлийн Хоршоод болон Хоршоодын Зохицуулагч Байгууллагуудын Холбоо (Asian Credit Unions and Cooperatives Regulators Alliance – ACCRA)-аар дамжуулан хоршоодын хөгжлийг дэмжсэн, таатай хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бүрдүүлэхэд анхаарна. Уур амьсгалын болон нийгмийн тэсвэрлэх чадвар (Climate & Social Resilience) нь байгаль орчин, нийгмийн орчинд үүсэх гэнэтийн болон системийн шинжтэй эрсдэл, цочролоос гишүүдийг хамгаалах зорилготой.
Харин Санхүүгийн хүртээмж (Financial Inclusion) нь бага орлоготой өрхүүд, тариаланчид, эмэгтэйчүүд болон залуучуудад хүрч үйлчлэх бодит хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Эдгээр 10 чиглэл тус бүрийг ACCU-ийн “Credit Union Business Solutions” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бодит хэрэгсэл, аргачлалуудтай уялдуулсан байна. Үүнд Үнэт зүйлийн тунхаглал (Values Charter), Үнэт зүйлийн аудитын хэрэгсэл (Values Audit Tool), Уур амьсгалын эрсдэлийг үнэлэх шалгах хуудас (Climate Lens Checklist), Агро санхүүжилтийн аргачлал (Agrifinance Methodology), засаглалын хяналтын самбарууд (Governance Dashboards) зэрэг практик хэрэгслүүд багтаж байна.
ХӨДӨЛГӨӨН ЯМАР ЧИГЛЭЛД ХӨГЖИЖ БАЙГААГ ДЭЛХИЙН ТҮВШИНД ХАРАХ НЬ
Дэлхийн Хадгаламж, Зээлийн Хоршоодын Зөвлөл (WOCCU)-ийн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Пол Трейнен (Paul Treinen), Олон улсын нөлөөлөл, зохицуулалтын асуудал хариуцсан зөвлөх Эрин О’Херн (Erin O’Hern) нар дэлхийн хоршооллын санхүүгийн салбарыг өөрчилж буй хүчин зүйлс, цаашдын хөгжлийн чиглэлийг танилцуулав.
Пол Трейнен хөдөлгөөний дэлхийн хөгжлийн төлөв, чиг хандлагыг, Эрин О’Херн ирэх жилүүдэд хоршоодын үйл ажиллагаа, өсөлтийн боломжид нөлөөлөх олон улсын бодлого, зохицуулалтын орчныг онцлон танилцууллаа.
УУР АМЬСГАЛЫН ХЯМРАЛТАЙ НҮҮР ТУЛЖ БУЙ ХӨДӨЛГӨӨН
Нэгдсэн хуралдааны онцлох хэсгүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал байлаа. Бүс нутгийн олон улс уур амьсгалын хямралыг бий болгоход бага хувь нэмэр оруулдаг ч түүний хүнд үр дагаврыг үүрч байгааг оролцогчид онцоллоо.
Үүний тод жишээ нь Непал юм. Тус улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын дөнгөж 0.1 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ 94 орчим хувийг усан цахилгаан эрчим хүчээр хангаж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг эрчимтэй нэвтрүүлж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Непалын олон нийт үер, хөрсний гулгалт зэрэг гамшгийн эрсдэлтэй улам ихээр нүүр тулж байна.
Үүнтэй адил Индонез, Тайланд, Вьетнам, Филиппинд үерийн гамшиг эрчимжиж буй дүр зураг нь уур амьсгалын хямрал бүс нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд хэдийн бодитоор нөлөөлж байгааг харууллаа. Ийм нөхцөлд хадгаламж, зээлийн хоршоод энэ асуудлыг зүгээр хараад суух бус, өөрсдийн нөөц, чадавхад тулгуурлан шийдэл боловсруулах шаардлагатайг форум онцолсон юм.
Гол уриалга нь: Хариуцлагыг хамтран үүрдэг тогтолцооны хувьд бусад орны ХЗХ-дын хөдөлгөөнд нэгдэн ажиллаж, өөрсдийн нөөц, чадавхад тулгуурлан шийдлүүдийг бий болгох шаардлагатай.
ЧИГЛЭЛЭЭ ШИНЭЧИЛЖ, ГИШҮҮДТЭЙГЭЭ ХОЛБОГДОЖ, ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ НЬ
ACUF2026 форумын төгсгөлд оролцогчид “Куала Лампурын тунхаглал”-ыг баталж, “Өөрчлөлт ба тогтвортой хөгжил”-ийн стратегийн зорилтыг өөрсдийн улс орон, холбоод болон хадгаламж зээлийн хоршоодод хэрэгжүүлэх нийтлэг амлалтаа илэрхийллээ.
Тунхаглалд бүс нутгийн хадгаламж, зээлийн хоршоодод хандсан стратегийн гол уриалгыг “Эрхэм зорилгоо шинэчил, гишүүдтэйгээ дахин холбогд, ирээдүйд хамтын хөдөлгөөнийг бүтээ” хэмээн тодорхойлжээ.
ACCU-ийн зүгээс стратегийн төлөвлөгөөний 10 чиглэл нь зөвхөн уриа, зорилт бус, харин ирэх арван жилийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийг бий болгоход ашиглах бодит хэрэгсэл, стратегийн хөшүүрэг болохыг онцолсон.
Куала Лампурт цугласан 571 удирдагчийн хувьд энэхүү форум нь хөдөлгөөний хүрээнд удаан хугацаанд ил тод яригдаагүй бодит нөхцөл байдлаа эргэн харах толь, тэдгээрийг даван туулах хамтын арга замыг тодорхойлох зураглал болж чадлаа. Энэхүү нийтлэг зорилго, амлалтыг “Куала Лампурын тунхаглал”-аар баталгаажуулсан юм.

